Эрчим хүчний салбарт гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж байгаа төслүүдийн үр дүнд эрчим хүчний хангамж зохих хэмжээнд сайжирсан. Гэхдээ төслүүд цахилгаан станцын ажиллах хугацааг тодорхой хугацаанд л найдваржуулж өгч байгаа юм. Гэтэл цахилгаан, дулааны салбарт ажиллаж буй бүх үйлдвэрийн газрууд 100 хувь гадаадад үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл ашиглаж байдаг. Тэр бүгдийг зөвхөн гадаад валютаар л худалдаж авдаг. Үнэ нэмэгдүүлэхэд нөлөөлж буй бас нэг гол шалтгаан нь эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд авсан урт хугацааны валютын зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг жил бүр төлөхдөө валютаар л хийдэг.  Гэтэл монгол төгрөг гадаад валютын харьцах ханш өөрчлөгдсөний улмаас төлөх төлбөрийн хэмжээ нэмэгдээд байдаг.  

 

Эрчим хүчний үнэ тарифыг батлахдаа хэрэглэгчийн эрх ашгийг хэт их харж үзээд тарифаа өртгөөс нь доогуур баталж байгаа. Энэ нь эрчим хүчний салбараа хүнд байдалд оруулах нэг шалтгаан болж байна.  Одоо цахилгааны үнэ  хамгийн дээд хязгаартаа  нэг кВтц  нь 68 төгрөг (НӨАТ-гүй) байгаа. Манайд дундаж өрхийн цахилгааны сарын хэрэглээ 200-250 кВтц байна. Энэ нь нэг өдөрт 6-8 кВтц  буюу ердөө 408-564 орчим төгрөг төлж байна гэсэн үг.  Гэтэл өнөөдөр хамгийн хямд талх 590 төгрөг байгаа нь нэг өдрийн турш хэрэглэсэн (хөргөгч, зурагт, плитка, гэрэл г.м) цахилгааны үнээс өндөр байгаа. Ингээд тооцохоор цахилгаан дэндүү хямд байгаа  шүү дээ. Нэг кВтц цахилгаан  нь маш их чадамжтай бөгөөд ахуйн хэрэгцээнд гэхэд жишээ нь 120 Вт чадалтай хөргөгчийг 8 цаг ажиллуулах боломжтой байдаг. Ер нь иргэд үнэн хэрэгтээ гэрийн суурин утас болоод гар утасны хэрэглээндээ цахилгаан, дулаанд зарцуулдгаас хамаагүй их мөнгө төлдөг болоод удаж байна.

 

Эрчим хүчний салбар өөрөө өөрийнхөө өртгийг нөхөөд алдагдалгүй ажиллах, засвар үйлчилгээгээ шаардагдах хэмжээнд нь хийгээд явчих чадамжтай болох зорилт тавиад ажиллаж байгаа. Энэ зорилгодоо хүрэхийн тулд зохих арга хэмжээ авах хэрэгтэй болоод байна. Цаашид нэг бол зах зээлийн зарчмаараа ажиллах эсвэл төр үүнийг хэрэггүй гэж үзэж байгаа бол төрөөс татаас олгож байх зохицуулалттай явмаар байна.