Монголын цахилгаан эрчим хүчний 70 хувийг дангаараа үйлдвэрлэдэг, нийт 860 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй ДЦС-4-ийн нийт зардлын 55 хувийг түлш буюу нүүрс, 24 хувийг элэгдлийн зардал, үлдсэн хувийг бусад зардал эзэлдэг аж.  Гэтэл сүүлийн жилүүдэд тоноглолынхоо засвар үйлчилгээг хийж чадахгүйд хүрчээ. Тус станц өнгөрсөн онд тайлан тэнцлээр 5,0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсныг ТӨХ 9,0 сая төгрөгийн алдагдалтай гэж дүгнэсэн бол ЭХЗГ хянаад 8,6 тэрбум төгрөгийн алдагдалтай гэж үзсэн байна.
Тус станцын хамт олон төвийн бүсийн нэгдсэн сүлжээний өнгөрсөн оны хэрэглээний өсөлтийг үндсэнд нь хангаж, 160,0 сая кВт.ц эрчим хүчнийг төлөвлөгөөнөөс давуулан үйлдвэрлэж, ойролцоогоор 16 мВт чадлын өсөлт гаргажээ. Энэ хэмжээгээр орлого нэмэгдэж алдагдлыг бууруулсан гэсэн үг. Өөр нэг томоохон амжилт бол дэлхийн зах зээлийн жишгээр 35,0 сая ам.доллараар хийдэг, 80 мВт-ын хүчин чадалтай турбиныг 100 мВт болгодог техникийн шийдлийг 10 гаруй дахин бага буюу 3,4 сая  сая долларын зардлаар өөрсдийн хүч болоцоогоор хийсэн байна. Энэ мэтээр нөөцөө ихээхэн дайчилсан боловч аргагүйд хүрч байгаа аж. Жилд ядаж 2 зуух, 2 турбины их засвар хийх хэмжээний элэгдлийн сан болох 41,0 тэрбум төгрөг баталж өгдөгсөн бол ийм байдалд хүрэхгүй гэж Баярбаатар захирал учирлажээ. Гэтэл ЭХЗГын баталж өгсөн  18 тэрбум төгрөгөөр нэг зуух, нэг турбинд их засвар хийж, үлдсэн нэг зуух турбиныг  засч чаддаггүйгээс тоноглолын найдвартай ажиллагаа жилээс жилд муудаж байгаа юм байна.
Тус станц улсын төсвөөс нэг удаа ч мөнгө авч үзээгүй байхад хэрэглэгчдийн дунд станц маш их мөнгө авдаг гэсэн ташаа ойлголт явдаг гэнэ. 
Сүүлийн жилүүдэд гадаадаас авдаг сэлбэг материал, металийн үнэ ,мазут, нүүрс гэх түлшний үнэ огцом нэмэгдэж, валютын ханш чангарсан зэрэг нь байдлыг улам хүндрүүлж байгааг тэмдэглэжээ.
Цаашид хүнд байдлаа гарахад төр засгаас дулааны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, Мандалговь-Тавантолгойн өндөр хүчдэлийн шугам барьж цахилгаанаар хангах асуудлыг шийдвэрлэх зэрэг чухал саналуудыг дэвшүүлжээ.
Үүүний зэрэгцээ цахилгааны үнийг 17 төгрөгөөр, дулааны үнийг 33 хувиар нэмснээр тус станц үндсэн тоноглолынхоо их засварыг бүрэн хийх боломж байгааг харгалзан энэхүү саналыг ЭХЗГ-т хүргүүлсэн гэжээ