МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

ЦАХИЛГААНААР ХАНГАГЧААС ХЭРЭГЛЭГЧДЭД
ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШААРДЛАГА

Ангилалтын код 27.010


Цахилгаанаар хангагчаас хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний шаардлага

MNS 5872 : 2008
Service requirements provided to consumers by the electricity supplier


Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 35 дугаар тогтоолоор батлав.

Энэ стандарт нь 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчинтэй.

1. Хамрах хүрээ

Энэ стандартаар хэрэглэгчдийг цахилгаанаар хангаж буй компани, аж ахуйн нэгж, байгууллагаас хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээнд тавих шаардлагыг тогтоосон. Энэ стандартын зорилго нь хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлэхэд оршино.

2. Нэр томьёо, тодорхойлолт
Энэ стандартад дараах нэр томьёо, тодорхойлолтыг хэрэглэнэ.

2.1.Гамшиг
аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн улмаас олон хүний эрүүл мэнд, амь нас хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд улс, орон нутгийн дотоод нөөц боломжоос давсан хохирол учрахыг;

2.2.Аюулт үзэгдэл
хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, газар хөдлөлт, цөлжилт болох, гал түймэр, хүн, мал, амьтны болон ургамлын гоц халдварт өвчин гарах, хортон мэрэгчид тархах зэргийг;

2.3. Техникийн холбогдолтой осол
үйлдвэрлэл, технологийн горим зөрчигдсөнөөс тоног төхөөрөмж, барилга байгууламж, шугам, сүлжээ эвдрэх, тээврийн хэрэгсэл осолдох сүйрэх, цацраг идэвхт болон химийн хорт бодис алдагдах зэргийг;

2.4. Техникийн нөхцөл
иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг цахилгаанаар хангах зорилгоор тэдгээрийн байр, байгууламж, тоног төхөөрөмжийг цахилгаан түгээх сүлжээнд шинээр холбох, хэрэглэгчийн цахилгааны чадлыг нэмэгдүүлэх зорилгоор цахилгаан түгээх шугам, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй холбогдсон техникийн шийдлийг тусгасан, хангагчаас цахилгаан хэрэглэгч буюу цахилгаанаар хангагдахыг хүссэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад олгосон баримт бичгийг;

2.5.Тооцооны хэмжих хэрэгсэл
хэрэглээг тооцох цэг дээр төлбөрийг тооцох зорилгоор тавьсан цахилгааны тоолуур, чадлын хэмжүүр, тэдгээрт холбогдсон хэмжүүрийн трансформатор болон холболтын хэрэгслийг;

2.6.Хангагч
холбогдох эрх бүхий байгууллагаас цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрлүүд авч үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдийг;

2.7.Хэрэглэгч
цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг;

2.8. Цахилгаан түгээх сүлжээ
цахилгаан дамжуулах сүлжээний дэд станцаас хэрэглэгчийн тоног төхөөрөмж хүртэлх шугам, дэд станцыг;

3. Техникийн нөхцөл олгох, цахилгаан түгээх сүлжээнд холбох

Хангагч нь хэрэглэгчийн барилга, байгууламжийг цахилгаан түгээх сүлжээнд холбохтой уялдуулан дараах үйлчилгээг үзүүлнэ.

3.1 Иргэн, хуулийн этгээдээс барилга, байгууламжаа цахилгаан түгээх сүлжээнд холбуулах техникийн нөхцөл хүссэн өргөдөл болон холбогдох дүрэм, зааварт заасан бичиг баримтыг хүлээн авснаас хойш техникийн нөхцөл олгох, эсэх тухай шийдвэрийг 14 хоногийн дотор гаргана.

3.2 Техникийн нөхцөл олгох, эсэх тухай шийдвэр гарснаас хойш ажлын 3 хоногт багтаан техникийн нөхцлийг эсхүл үндэслэл, тайлбар бүхий хариуг албан бичгээр өргөдөл гаргагчид өгнө.

3.3 Иргэн, хуулийн этгээдийн барилга, байгууламжийг цахилгаан түгээх сүлжээнд холбоход шаардлагатай шугам, тоног төхөөрөмжийг ашиглахад бэлэн болсноос хойш ажлын 3 хоногийн дотор цахилгаанаар хангах гэрээг тухайн этгээдтэй байгуулна.

3.4 Цахилгаанаар хангах гэрээ байгуулсан өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан тухайн хэрэглэгчийн барилга байгууламжийг цахилгаан түгээх сүлжээнд холбоно.

4. Цахилгаан хангамжийн талаар хэрэглэгчээс ирүүлсэн өргөдөл, гомдолд
хариу өгөх

Цахилгаан хангамжийн талаар хэрэглэгчээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай хариуг хангагч нь тэдгээрийг хүлээн авснаас хойш 1-р хүснэгтэд заасан хугацаанд албан ёсоор өгнө.


1-р хүснэгт – Өргөдөл гомдол шийдвэрлэх хугацаа

Д/д
Өргөдөл, гомдлын агуулга
Хариу өгөх хугацаа
1
Гамшгаас бусад шалтгаанаар цахилгаан хангамжийг 24 цагаас дээш хугацаагаар тасалдуулсан;
3 хоногийн дотор;
2
Тооцооны хэмжих хэрэгслийн ажиллагаатай холбоотой;
3 хоногийн дотор;
3
Цахилгааны төлбөр төлөөгүй болон хууль зөрчсөнөөс үүдэж цахилгаан тасалсантай холбоотой;
5 хоногийн дотор;
4
Стандартын шаардлага хангаагүй цахилгаанаар хангасан;
14 хоногийн дотор;
5
Цахилгааны төлбөр тооцоотой холбоотой;
14 хоногийн дотор;
6
Техникийн нөхцөл олгох болон шинэ холболтын тухай;
14 хоногийн дотор;
7
Хангагчийн үйл ажиллагаатай холбоотой;
14 хоногийн дотор;
8
Хангагчийн ажиллагсадтай холбоотой;
7 хоногийн дотор;
9
Цахилгаан түгээх сүлжээнд гарсан гэмтлийн улмаас хэрэглэгчийн тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл гэмтсэн тухай; 5 хоногийн дотор
акт тогтооно
10
Хүчдлийн түвшин зөвшөөрөгдөх хэмжээнээс ихэссэн тухай;
24 цагийн дотор;
11
Хүчдлийн түвшин зөвшөөрөгдөх хэмжээнээс буурсан тухай;
7 хоногийн дотор;


5. Хэрэглэгчийн хүсэлтээр техникийн үйлчилгээ хийх

Хэрэглэгчийн хүсэлтээр тэдгээрт үзүүлэх техникийн үйлчилгээг захиалга хүлээн авснаас хойш 2-р хүснэгтэд заасан хугацаанд хэрэгжүүлнэ.

2-р хүснэгт – Хэрэглэгчдэд үзүүлэх техникийн үйлчилгээний хугацаа

Д/д
Үйлчилгээний төрөл
Хийх хугацаа
1
Хангагчийн болон хэрэглэгчийн эзэмшлийн дэд станц, хуваарилах байгууламж, цахилгаан самбарт шатсан гал хамгаалагч солих, цэнэглэх;
24 цагийн дотор;
2
6, 10 кВ-ын хүчдэлийн шугамд кабель холбох, салгах;
7 хоногийн дотор;
3
0,4 кВ -ын хүчдлийн шугамд кабель холбох, салгах
5 хоногийн дотор;
4
Хүчдэл таслах;
24 цагийн дотор;
5
Хүчдэл залгуулах, автомат, салгуур, тэжээлийн утас зэргийг солих, шинээр тавих;
3 хоногийн дотор;
6
Аж ахуйн нэгж, байгууллагын тооцооны хэмжих хэрэгслийг угсрах;
7 хоногийн дотор;
7
Ахуйн хэрэглэгчийн тооцооны хэмжих хэрэгслийг угсрах ;
3 хоногийн дотор;
8
380/220 В-ын хэлхээн дэх тооцооны хэмжих хэрэгслийг солих, тэдгээрийг хэлхээнээс салгах, хэлхээнд буцааж холбох болон тоолуур, хэмжих хэрэгслийг шалгах;
5 хоногийн дотор;
9
Дэд станцад болон нэгдсэн самбарт суурилагдсан тоолуурын заалтыг хэрэглэгчид харуулах;
3 хоногийн дотор;
10
Тооцооны хэмжих хэрэгслийг сэргээн засварлах, хэвийн ажиллагаанд оруулах;
7 хоногийн дотор;
11
Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг цуцлан хэрэглэгчийг сүлжээнээс салгах;
7 хоногийн дотор;
12
Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг шилжүүлэх;
14 хоногийн дотор;
13
Хангагч нь хэрэглэгчийн захиалгаар ажил гүйцэтгэхэд бусад хэрэглэгчийн цахилгаан хангамжийг түр хугацаагаар түдгэлзүүлэх;
24-өөс доошгүй
цагийн өмнө тухайн
хэрэглэгчид
урьдчилан
мэдэгдэнэ.


6. Хэрэглэгчийн цахилгаан хангамжийн тасралтын үргэлжлэх хугацаа,
тасралтыг сэргээх

Хэрэглэгчийн цахилгаан хангамжийн тасралтын үргэлжлэх хугацаа дор дурьдсан хэмжээнд байх бөгөөд цахилгаан хангамжийн тасралтыг дараах хугацаанд сэргээнэ.

6.1 Цахилгаан хангамжийн төлөвлөгөөт таслалтын нэг удаагийн үргэлжлэх хугацаа 12 цагаас ихгүй, таслалт хоорондын үргэлжлэх хугацаа 4 цагаас багагүй байна.


6.2 Хэрэглэгч нь хангагчийн түгээх сүлжээнд хоорондоо үл хамаарах хоёр талын тэжээл бүхий цахилгаан хангамжийн үндсэн ба бэлтгэл шугамаар холбогдсон ба үндсэн тэжээлийн шугам хүчдэлгүй болоход хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмж уг шугамаас салж бэлтгэл шугамд залгагдах автомат удирдлагатай байвал цахилгаан хангамжийн тасралтын хугацаа 3 секундээс хэтрэхгүй байна.


6.3 Хэрэглэгч нь хангагчийн түгээх сүлжээнд хоорондоо үл хамаарах хоёр талын тэжээл бүхий үндсэн ба бэлтгэл шугамаар холбогдсон боловч үндсэн тэжээлийн шугам хүчдэлгүй болоход хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмж уг шугамаас салж бэлтгэл шугамд залгагдах автомат удирдлага байхгүй, энэ үйлдлийг хангагчийн ажилтан гүйцэтгэдэг бол цахилгаан хангамжийн тасралтын хугацаа 2 цагаас ихгүй байна.

6.4 Хэрэглэгч нь хангагчийн түгээх сүлжээнээс ганц шугам, трансформатораар холбогдсон бол гамшиг үүссэнээс бусад тохиолдолд цахилгаан хангамжийн тасралтад өртсөн хэсэг бүлэг хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг тухайн хангагчийн үйлчилгээний цэгээс гэмтэл гарсан байршил хүртэлх зай (үйлчлэх хүрээ)- наас хамаарч 3-р хүснэгтэд заасан хугацаанд сэргээнэ.

6.5 Төлбөр тооцооны зөрчлийн улмаас цахилгаан хангамжийг нь түдгэлзүүлсэн хэрэглэгчийн зөрчил арилснаас хойш цахилгаан хангамжийг 12 цагийн дотор сэргээнэ.

3-р хүснэгт – Тасралтыг сэргээх хугацаа

Д/д
Үйлчлэх хүрээ
Тасралтыг сэргээх хугацаа
1
20 км хүртэл;
4 цагийн дотор;
2
20-40 км хүртэл;
8 цагийн дотор,
3
40-80 км хүртэл;
14 цагийн дотор;
4
80-150 км хүртэл;
20 цагийн дотор;
5
150-250 км хүртэл;
36 цагийн дотор;
6
250 км буюу үүнээс дээш;
48 цагийн дотор;


7. Тоолуур баталгаажуулах, бичилт хийх

7.1 Хангагч нь хэрэглэгчийн хэрэглэсэн цахилгааны хэмжээг тодорхойлох зорилгоор тоолуурын заалтыг сард 1-ээс доошгүй удаа авах буюу бичилт хийнэ.


7.2 Хангагч нь хэрэглэгчийн тооцооны хэмжих хэрэгслийг баталгаажуулалтад хамруулах ажлыг ажлын 3 хоногт багтаан гүйцэтгэнэ.