/Дөргөний УЦС төслийн инженер П.Баатарын ярилцлага, Өдрийн сонины 2010.02.05-ны 29 дугаараас.../
Орчин үед цахилгаан гаргах их олон хувилбар бий болсон, үүнээс яагаад УЦС дээр гэж?
Ерөнхийдөө нар, салхи, нүүрс, атомын уранаас гээд үндсэн хэдэн хувилбар бий. Гэхдээ нар, салхи бол саяхнаас хөгжиж байгаа технологи. Дутагдалтай, шийдэгдээгүй олон асуудал байдаг. УЦС-ын хувьд бол бараг нүүрстэй ойролцоо үүссэн, 100 гаруй жилийн туршлага хуримтлуулсан салбар юм.
Яаж ч бодсон өдөр бүр вагон, вагоноор нүүрс зөөж гал түлэх өртөг, жамаараа урсаж байгаа гол хоёроос зардлын зөрүү их гарна биз дээ. УЦС-ыг эхлээд барихад энгийнээр хэлэхэд томоохон голыг боогоод дор нь генератор тавиад л болоо. Өдөр шөнөгүй, өвөл зунгүй үнэгүй тог гаргаад л байна.
Гэхдээ ус чинь хөлддөг, ширгэдэг биз дээ?
Алтайн нурууны орчмын сумдад тавьсан УЦС олон байгаа. Тэнд дэлхийн дулааралаас шалтгаалж голын ус ширгэсэн нь үнэн. Эдгээр УЦС-ууд бол бичил станцууд, тэгээд ч анхнаасаа улирлын чанартай баригдсан юм.
Тэгвэл Завхан гол дээр баригдсан Тайширын УЦС одоо яагаад ажиллахгүй байгаа юм?
Яривал их юм бий, талд урсаж байгаа гол дээр далангаа тооцоогүй барьсан. Усаа дүүргэх гэж их удсан, тэгэж байтал ээлжит ган болж цаанаасаа гол ус ширгээд эхэлсэн. Энэ жил харин өвөлдөө цас их уналаа. Хаврын шар усаар Тайширын даланг дүүргэчих байх гэж найдаж байна. Тэгвэл ажиллагаа цааш хэвийн явагдах байх. Хэдийгээр ус гол ширгэж байгаа ч гэсэн үе үе хүчтэй үер ус буудаг. Тэр үед далан усаар дүүрнэ. Дараагийн их ус орж иртэл зугуухан гоожуулсаар авах цахилгаанаа тасралтгүй авчихдаг. Энэ чинь цахилгаанаас гадна үер усны аюулыг торгоох, орчны чийгшлийг жигд хадгалах зэрэг бусад салбарт дам ач холбогдолтой байдаг.
Дөргөнийг сая нээлээ. 28 тэрбумаар боссон гэлүү, хэзээ ашгаа өгнөө?
Манайх бараг талыг нь төлчихсөн байх шүү. Энэ чинь баруун 3 аймгийг цахилгаанаар хангах тооцоотой барьсан юм. Ховд, Увс, Баян-Өлгий гурвыг. Гэтэл төлөвлөж байснаас цахилгааны хэрэглээ нэг дахин өслөө. Бүс нутгийн 50-60 хувийг хангаад үлдсэнийг нь Оросоос татдаг хэвээрээ. Цахилгааны үнэ Улаанбаатартай адил тарифтай, нийт гаргасан өртгөө удахгүй барьчихна. Ер нь дээхнэ барьсан дэлхийн томоохон УЦС-ууд одоо өртгөө 50-60 дахин нугалаад байна. Одоо энд хорь гаран мэргэжилтнүүд хянах төдий ажил хийгээд сууж байна.
Гол мөрний ус эрс ширгэж байгаа өнөө үед УЦС хэр найдвартай вэ?
Томоохон гол мөрнүүдийг торгоож барьж үлдэх ганц арга нь УЦС болоод байна. Гол мөрний усны жилийн турших хэмжээ олон жилийн дунджаас төдийлөн өөрчлөгддөггүй. Сүүлйин жилүүдийн хувьд олон хоног хургүй байснаа гэнэт их хэмжээгээр үер тунадас ороод ирдэг болсон. Тэр үеэр орж ирсэн усаар далангаа дүүргэнэ.
