/ УИХ-ын гишүүн А. Тлейхантай хийсэн ярилцлага, Өдрийн сонины 2010.02.02-ны өдрийн 026 дугаараас.../
- Эрчим хүчний салбарт хүндрэлтэй асуудал багагүй байгаа. Энэ бүхнээс гарах гарц байж л таарна даа?
Энэ салбарт үнэндээ засвар, шинэчлэл хийх хөрөнгийн эх үүсвэр хуримтлагдахгүй байна. Түлш, эрчим хүчний салбар 2009 оны байдлаар 30 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан тооцоо гарсан. Алдагдал жилээс жилд нэмэгдээд байна. Тийм учраас төр засгаас эрчим хүчний салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх талаар түлхүү анхаарч, тус салбарын эдийн засгийн чадавхийг сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудал бэлдэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулаад сар шахам ажиллаж байна.
Юуны өмнө салбарын санхүү, эдийн засгийн чадавхийг дээшлүүлж, өөрөө өөрийгөө авч явах чадвартай болгох ёстой. Энэ асуудлыг даруйхан шийдэхгүй бол харанхуй үлдэх үү, эсвэл ямар нэгэн алхам хийж гацаанаас гарах уу гэдэг байдал үүсээд байна.
- Тэгэхдээ эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийгдэж байгаа биз дээ?
Төр засаг бодит байдлыг ойлгож 2010 оны улсын төсөвт эрчим хүчний үйлдвэрүүдэд 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр, 15 тэрбум төгрөгийн татаас олгохоор тусгагдсан. Эрчим хүчний зохицуулах газраас саяхан үйлдвэр, байгууллагын цахилгаан, дулааны үнийг бага зэрэг нэмсэн. Зах зээлийн үнэд ойртуулж, хуримтлал үүсгэж байж эрчим хүчний шинэ объект барих асуудал яригдана.
Мөн менежментийн шинэчлэлийг хийх хэрэгтэй. УИХ-аар 2010-2012 онд төрийн өмчийг хувьчлах чиглэл яригдаж байгаа.
- Тайширын УЦС ашиглалтад ороод л Говь-Алтай, Завхан аймгууд цахилгаантай болчихно гээд байсан үлгэр болж байна уу? Эрчим хүчний өөр эх үүсвэр энэ 2 аймгийн хувьд байх магадлалтай юу?
“2010 онд Монгол улсыг хөгжүүлэх нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл” – д дээрх 2 аймгийг цахилгаанаар хангах дулааны цахилгаан станцыг Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн барина гэсэн зорилт дэвшүүлээд байна.
Монгол-Хятадын хамтарсан “Юуанда” болон “Шинэ ази майнинг” группүүд хөрөнгө оруулж, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн 60МВт-ын станцыг өөрийн хөрөнгөөр барина. Тэлмэн-Улаангомын хооронд 110 кВ-ын цахилгаан шугам татаж, гаргасан цахилгаанаар дээрх 2 аймаг, тэдгээрийн 42 сумдыг хангах юм. Энэ станцыг ашиглалтад оруулснаар 300-350 хүн ажлын байраар хангагдаж, нийт ажиллагсдын 95% нь монгол хүн байна. Говь-Алтай, Завхан аймгууд бүрэн хүчин чадлаа ашиглахад 6 МВт-ын л хэрэглээ байгаа. Могойн голоос Мөрөн хүртэл 110 кВ цахилгаан дамжуулах шугам татаж, төвийн эрчим хүчний системд холбогдсоноор тэндээс гарсан цахилгаан төв рүү орж ирэх үүд нээгдэж байгаа нь сайшаалтай.
- Нийт хэдэн сая ам. долларын хөрөнгөөр босох станц байх шиг байна?
Станцын барилгын ажлыг 60 гаруй оронд дулааны цахилгаан станц барих төсөл хэрэгжүүлсэн, Хятадын СМЕС корпораци гүйцэтгэнэ. Хятадын топ 50 компанийн гуравт жагсдаг, эрчим хүчний салбарын нэг номерын компани юм билээ. Тэгэхээр Могойн голын Дулааны цахилгаан станцыг эрчим хүчний салбарын орчин үеийн шинэ дэвшилт техник, технологи дагаж ирнэ. “Юуанда” болон “Шинэ ази майнинг” группүүд станц байгуулах төсөлд 110 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх боломжтойгоо гэрээнд тусгасан.















