Цахилгааны үнийг зургадугаар сарын 1-нээс нэмэхээр боллоо

/Өдрийн сонины 2010.01.09-ний өдрийн 006 дугаараас.../

Цахилгааны үнийг нэмэгдүүлэхээр болсонтой холбогдуулан Эрчим хүчний зохицуулах газар өчигдөр хуралдав. Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Ажил олгогч эздийн холбооноос тавьсан хүсэлтийн дагуу тус зохицуулагчдын зөвлөлөөс үнэ нэмэх шийдвэрээ эргэн харж, айл өрхүүдийн хэрэглээний цахилгааны үнэ нэмэх шийдвэрээ энэ оны зургадугаар сарын 1 хүртэл хойшлууллаа. 

 Хурлын үеэр ЭХЗГ-ын үнэ тарифын албаны дарга С.Ганчимэг : Цахилгаан, дулаан үйлдвэрлэгч компаниуд алдагдалтай ажиллаж байгаа. Алдагдалтай ажилласаар аргаа барж, үнэ нэмэхээр шийдвэрлэсэн. Зургадугаар сар хүртэл хуучин тарифаа мөрдөж ажиллавал гурван тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байна. Дотоод зардал, шагнал урамшууллаа хасан бүсээ чангалж байж зургадугаар сар хүртэл цахилгааны үнийг нэмэхээ хойшлуулахаар боллоо гэв.

 МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар : Иргэдийн орлого нэмэгдээгүй, ард түмний амьдрал хүнд байхад үнийн дарамт үзүүлж болохгүй. Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд цахилгааны үнийн нэмүү өртгийн албан татвараас айл өрхүүдийг чөлөөлөх талаар хүсэлт тавьж байгаа. Энэ асуудал зургадугаар сарын 1 гэхэд шийдэгдвэл үнээ нэмэх асуудал шийдэгдэнэ гэлээ.

 ЭХЗГ-ын мэргэжилтнүүд нэг өрхийн сарын дундаж орлогыг 360 гаруй мянган төгрөгөөр тооцож цахилгааны төлбөрийг 74,90 төгрөг болгоход одоо төлж буй дундаж төлбөр 9500 төгрөг дээр 1650-иар нэмэгдэнэ. Энэ нь хэрэглэгчдэд нэг их үнийн дарамт болохгүй гэж үзэж байжээ.  Ингэж үнэ нэмэгдсэн ч эмзэг бүлгийн айл өрхийн, шөнийн цагийн, орц, зам талбайн гэрэлтүүлгийн тариф өөрчлөгдөхгүй байх аж.

 “Цахилгааны үнэ нэмэгдэхээр өргөн хэрэглээний бараа, гурил, талхны үнэ дагаад хөөрөгддөг. Үүнийг судалсан уу. Хэрэв үнэ хөөрөгдсөн тохиолдолд хариуцлагыг хэн хүлээх вэ” гэсэн С.Ганбаатарын асуултад  “Бид үүнийг судалсан.  Талхны үнэ дээд тал нь 10, гурилын үнэ 5 төгрөгөөр нэмэгдэх судалгаа байгаа. Гэхдээ бид бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөх эсэхэд хяналт тавьж чадахгүй. Хэрэв бараа бүтээгдэхүүний үнэ бидний судалсан үнийн дүнгээс илүүтэйгээр нэмэгдсэн бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иргэд хандах ёстой” гэж ЭХЗГ-ын ажилтан хариулсан юм.

 Харин аж ахуйн нэгжийн зориулалттай цахилгааны үнийг 17,35 хувиар нэмэх шийдвэр нь хэвээр үлдлээ. Мөн дулааны үнийг иргэд, аж ахуйн нэгж гэлтгүй нийтэд нь энэ сарын 15-аас эхлэн 14,5 хувиар нэмэгдүүлэхээр боллоо.

 

 

Сэтгэгдэл нэмэх

Joomlart